Туберкулины арьсны сорил (TST)

Туберкулины арьсны сорил (TST эсвэл Мантугийн сорил) нь сүрьеэгийн халдвар байгаа эсэхийг тодорхойлдог сорил юм. 

Сүрьеэгийн халдвар (далд хэлбэрийн сүрьеэ, унтаа хэлбэрийн сүрьеэ гэгддэг) нь сүрьеэгийн нян биед байгаа боловч өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа хэлбэр юм. Таны биеийн дархлааны тогтолцоо нь тэдгээр нянг аливаа гэмтэл учруулахаас хамгаалж байдаг. Сүрьеэгийн халдварын үед ямар нэгэн зовуурь байхгүй бөгөөд сүрьеэгийн нян бусдад халдварлахгүй.  

Сүрьеэгийн халдвар нь сүрьеэ өвчин-өөс өөр. Сүрьеэ өвчний үед нян идэвхжиж эсвэл тоо нь нэмэгдсэнээр тухайн хүнийг өвчлүүлж, нян бусдад халдварладаг.  ​​TST сүрьеэтэй гэж тодорхойлсон бол эмч танд сүрьеэ өвчнийг зогсоох эм бичиж өгч болно.

Сүрьеэгийн халдвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: Сүрьеэгийн халдвар

TST хэрхэн хийгддэг вэ?

TST нь гарын шуу хэсэгт туберкулин (цэвэршүүлсэн уургийн дериватив)-ыг бага хэмжээгээр тарьдаг сорил юм. Хэд хоногийн дараагаас тус хэсэгт улаан толбо гарах, овгор үүсэх, эсвэл ямар ч өөрчлөлт гарахгүй байх боломжтой. Сорил тавиулснаас 48-72 цагийн дараа тарилга хийлгэсэн хэсгийг сүрьеэгийн мэргэжлийн сувилагчид шалгуулах шаардлагатай.

TST сорил тавиулахын өмнө

Таны биеийн байдал, ууж буй эм шинжилгээний хариунд нөлөөлж болзошгүй байдаг. Дараах тохиолдол танд хамааралтай бол сувилагчид мэдэгдээрэй:

  • ХДХВ, хавдар, бөөрний өвчин зэрэг дархлааг сулруулдаг өвчин эмгэгтэй
  • стероид (преднизон зэрэг), эсвэл химийн туяа эмчилгээ (хавдрын эм) зэрэг дархлааны тогтолцоонд нөлөөлөхүйц эм уудаг
  • сүүлийн нэг сард халуурсан (>38° C) эсвэл томуу, улаан бурхан, цээжний үрэвсэл зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн
  • сүүлийн нэг сарын хугацаанд вакцин хийлгэсэн
  • өмнө нь сүрьеэгээр өвчилж байсан эсвэл сүрьеэгээр өвчилсөн хүнтэй хавьталд орсон, мөн сүрьеэгийн вакцин хийлгэсэн
  • өмнө нь TST тавиулсан.

TST тавиулсаны дараа

  • Тарилга хийлгэсэн хэсгийг маажиж болохгүй.
  • Тус хэсэгт ямар нэгэн боолт, шархны наалт наахгүй, тос эсвэл түрхлэг түрхэхгүй.
  • Цэврүүтсэн тохиолдолд цэврүүг хагалж болохгүй.
  • Та өөрийн хийдэг ажил, спорт, усанд болон шүршүүрт орох зэргийг хэвийн байдлаар үргэлжлүүлэн хийж болно.

Сорил тавиулснаас 48-72 цагийн дараа тарилга хийлгэсэн хэсгийг сүрьеэгийн мэргэжлийн сувилагчид шалгуулж, аливаа хариу урвалыг тогтоолгож, бүртгүүлэх шаардлагатай. TST эерэг гарсан тохиолдолд нэмэлт шинжилгээ өгөх шаардлага гарч болно. Эмч, сувилагч таны шинжилгээний хариу, нэмэлт шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг танд тайлбарлаж өгнө.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Сүрьеэтэй холбоотой мэдээллийн хуудас​-аар зочлоно уу.

Эх хэл дээрээ үнэ төлбөргүй тусламж авах бол Орчуулга, хэлмэрчийн үйлчилгээний 131450 дугаарт холбогдоорой.

Current as at: Wednesday 2 April 2025
Contact page owner: Communicable Diseases