Интерферон-Гамма ялгарлын шинжилгээ (IGRA) нь тухайн хүнд сүрьеэгийн халдвар байгаа эсэхийг тодорхойлдог цусны шинжилгээ юм. Сүрьеэгийн нянгийн халдвар нь сүрьеэгээр өвчлөхийн өмнө тохиолддог.
Сүрьеэгийн халдвар (далд хэлбэрийн сүрьеэ, унтаа хэлбэрийн сүрьеэ гэгддэг) нь сүрьеэгийн нян биед байгаа боловч өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа хэлбэр юм. Таны биеийн дархлааны тогтолцоо нь тэдгээр нянг аливаа гэмтэл учруулахаас хамгаалж байдаг. Сүрьеэгийн халдварын үед ямар нэгэн зовуурь байхгүй бөгөөд сүрьеэгийн нян бусдад халдварлахгүй.
Сүрьеэгийн халдвар нь сүрьеэ өвчин-өөс өөр. Сүрьеэ өвчний үед нян идэвхжиж эсвэл тоо нь нэмэгдсэнээр тухайн хүнийг өвчлүүлж, нян бусдад халдварладаг.
Хэрэв IGRA цусны шинжилгээгээр сүрьеэгийн халдвар илэрсэн бол эмч танд сүрьеэ өвчнийг зогсоох эм бичиж өгч болно.
Сүрьеэгийн халдвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: Сүрьеэгийн халдвар
IGRA шинжилгээ хэрхэн хийгддэг вэ?
IGRA шинжилгээг хийхэд жижиг хэмжээтэй 4 ширхэг хуруу шил цус шаардлагатай. Шинжилгээг хийлгэхийн өмнө хэвийн байдлаар идэж, ууж болно. Сүрьеэг үүсгэгч нянд үзүүлж буй биеийн дархлааны хариу урвалыг хэмжих аргаар уг шинжилгээг хийдэг.
IGRA шинжилгээ хийлгэхээс өмнө:
Дараах тохиолдол танд хамаатай бол эмч, сувилагчид мэдэгдээрэй:
- ХДХВ, хавдар, бөөрний өвчин зэрэг дархлаа дарангуйлах өвчтэй
- стероид (преднизон зэрэг), эсвэл химийн туяа эмчилгээ (хавдрын эм) зэрэг дархлааны тогтолцоонд нөлөөлөхүйц эм уудаг
- сүүлийн нэг сард халуурсан (>38° C) эсвэл томуу, улаан бурхан, цээжний үрэвсэл зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн
- сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн
- өмнө нь сүрьеэгээр өвчилж байсан эсвэл сүрьеэгээр өвчилсөн хүнтэй хавьталд орсон.
IGRA шинжилгээний дараа
Хэрэв таны IGRA шинжилгээний хариу эерэг байвал та сүрьеэгийн нянгаар өмнө нь халдварласан байх магадлалтай. IGRA шинжилгээний хариу сөрөг байвал та өмнө нь сүрьеэгийн нянгаар халдварлаагүй байх магадлалтай.
Эмч, сувилагч таны шинжилгээний хариу болон нэмэлт шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг танд тайлбарлаж өгнө.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Сүрьеэтэй холбоотой мэдээллийн хуудас-аар зочлоно уу.
Эх хэл дээрээ үнэ төлбөргүй тусламж авах бол Орчуулга, хэлмэрчийн үйлчилгээний 131450 дугаарт холбогдоорой.